banner

banner

Гэрээслэлээс цээрлэх биш хэрэгжүүлэх цаг нь болсон

8e717e dollarphotoclub 78710355 x800
БНМАУ ардчилсан нийгэмд шилжсэнээр шинэ цагийн монголчууд өөрийн гэх өмч хөрөнгөтэй болж эхэлсэн билээ. Дэлхийн энтэй тэрбумтнууд ч Монголоос төрөх боллоо. Энэ сайн хэрэг. Харин асуудлыг нөгөө өнцгөөс харах аваас өв хөрөнгө гээч нь эзнээ үхсэний дараа хэл ам, атаа хорсол, тэмцэл дагуулдаг түвэгтэй зүйл аж.
Социалист төр ахуй дор хувийн өмчтөнүүдээ хөрөнгөтөн хэмээн үзэн ядаж, Данзан, Бодоо тэргүүтэй улстөрчдийнхөө бодийг хөтөлж орхисон гэмтэй билээ, бид чинь. Тэгээд ч эхнэр, хүүхдээсээ бусад нь дундын өмч байна гээд 70 жил үзэж тарсан байдаг. Ийм үзлээр тархиа цэнэглүүлсэн ард түмэнд хөрөнгө хурааж, эд хөрөнгөтэй болох сонирхол ч байсангүй, болох юмсан ч гэж хөдөлмөрлөөгүй.
Хоёр талаасаа хоёр чемодантай нийлэхэд л болоод явчихна, төрдөө үнэнч зүтгэхэд болоо хэмээдэг байлаа, биднийг эцэг эхчүүд.
Дэлхийн энтэй тэрбумтнууд ч Монголоос төрөх боллоо. 
 
Тэр бүү хэл, өөр хоорондоо "Хөрөнгөтөн нийгмийнхэн чинь эцэг эхийнхээ үлдээсэн өв хөрөнгийг булаацалдаж, шүүх цагдаадаа тулдаг юм гэнэ лээ.
Тийм үү. Манай хороо хоринд нэг хөрөнгөтөн аж төрдөг. Тэднийх саяхан волга машин худалдаж авсан. Тэр лав феодал мөн” гэцгээж, цалингаа илүүчилж хураасан нэгнээ үзэж чадахгүй сүйд болцгоох жишээний. Гэвч цаг цагаараа байдаггүйчлэн нийгэм хөгжиж, хүн амын тоо эрс өсөхийн хэрээр шинэ цагийнхан юм үзэж нүд тайлан, хүн бүр өөрийн гэх өмч хөрөнгөтэй болохын төлөө чардайн зүтгэх боллоо.
Ямартай ч гурван сая гаруй хүний сая илүүтэй нь өөрийнхөө нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй болцгоосон гэх статистик үзүүлэлт байна. Энэ сайн мэдээний араас өмчтэй, тодруулбал өмчлөл, өв залгамжлахтай холбоотой маргаан иргэний хэргээр шүүхэд хандагсдын талаас илүү хувийг эзлэх болов.
Өмчлөх эрх тэр дундаа гэрээслэлээр өв залгамжлах нь иргэдийн эрх зүйн ухамсраас ихээхэн хамаарах асуудал авч амьдрал дээр хууль, эрх зүйн хувьд төрийн тусгай зохицуулалт зайлшгүй хэрэгтэй болж байгааг цаг үе харуулж буй. 
Өмчлөх эрхэд иргэд тайвнаар ханддаг атлаа гэрээслэл бичиж үлдээх тухай асуудлыг хөндөж тавихаар эцэг эх, үр хүүхдүүдийн хооронд үл ойлголцол үүсч тэдэндээ гомдох нь бий.
Зарим нь “Намайг амьд байхад өмч хөрөнгөд минь санаархаж байна. Яасан муу ёрын амьтад вэ. Аягүй бол тэр муугийн санаа” хэмээн хүргэн, бэр рүүгээ дайрдаг. Үнэн хэрэгтээ Монголоос бусад бусад оронд өмчтэй хэн байлаа ч амьд ахуйдаа өөрийн нэр дээрхээ хэн нэгний нэр дээр шилжүүлэх тухайгаа гэрээслэл бичин өв залгамжлагчийн нэрийг дурьдаж, бусдад нь ямар хувь хэмжээ ноогдуулахаа тодорхой өгүүлсэн байдаг нь энгийн зүйл төдийгүй иргэний үүргээ гэж үздэг аж.
Ингэж чадаагүйн гороор эцгийнхээ үлдээсэн орон сууцыг булаалдан шүүхийн танхимд бие биеэ хялалзах эх үр хоёрын маргаан хэдэн арваараа гарах болжээ. Түүнчлэн хоёрдогч, гуравдагч эхнэрийн хүүхдүүд эцгээсээ хойш хөрөнгийг нь булаалдан тэмцэлдэж, шүүхэд зарга үүсгэх асуудал сүүлийн таван жилд эрс нэмэгдсэн байна.
Эр хүн мөнгөтэй бол ил далд хэдэн ч эхнэр хүүхэдтэй байх нь тухайн хувь хүний асуудал ч нэгэн цагт хорвоогоос буцах нь бодит үнэн гэдэгтэй эвлэрч амьдрах явдал юм.
Бас зарим тохиолдолд гэрийн эзэн бурхны оронд одсоны дараа гэнэт гарч ирж мэдэх нууц хүүхэд, амрагийнхаа асуудлыг амьд ахуйдаа гэрээслэлдээ дурдан нийт хөрөнгөөс хүртэх хувь хэмжээг тусгаж өгөх аваас яс өндөлзүүлэхийн гэмээс ангид оршиж мэднэ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ердөө 875 иргэн л гэрээслэлээ бичиж, түүнийгээ нотариатаар батлуулан хадгалуулсан нь гэрчлэгджээ.
 
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ердөө 875 иргэн л гэрээслэлээ бичиж, түүнийгээ нотариатаар батлуулан хадгалуулсан нь гэрчлэгджээ.
Үүний 58 нь гэрээслэлийн дагуу өвлөх гэрчилгээг олгосон аж. Тэгэхээр бусад нь гэрээслэлийн эзэн нас бараагүй тул өв нээгдээгүй гэсэн үг. Ганц нэг тохиолдолд гэрээслэгч нь нас барсан байж магадгүй эсвэл өв залгамжлагч нь гэрээслэлийн тухай мэдээгүй байж болох талтай. 
Эндээс юу харагдаж байна вэ гэвэл гэрээслэл хуулийн дагуу хийгдсэн эсэх төдийгүй түүнийг биелүүлэх механизм зөв ажиллаж байгаа тухайд эргэж хармаар байгаа юм. Монголын нотариатчдын танхимын ажилтны өгүүлснээр “ Монголчууд нэгдүгээрт, гэрээслэл үлдээх арга замаа мэдэхгүй, хоёрдугаарт гэрээслэлийн тухай мэдлэг дулимаг тул нотариатаар гэрчлүүлэх нь бусад үйлдлийг бодвол харьцангуй цөөн” гэсэн нь дээр хэлсэн санааг бататгаад өгч буй хэрэг.
Бас нэг хэлэх, анхааруулах зүйл бол иргэн гэрээслэл бичиж үлдээсэн тухайгаа хэн нэгэнд хэлээгүй нас барсан тохиолдолд тухайн эд хөрөнгө гэрээслэлтэй эсэхийг тогтоох байгууллага манайд одоогоор алга байна. Тиймээс ИБМУТ нэгдсэн сүлжээгээрээ дамжуулан сум, дүүргийн иргэний бүртгэл мэдээллийн албатай холбогдсоноор асуудлыг шийдвэрлэж болох талтай. Харин өв залгамжлагчийн талаар нотариадич А.Оюунчимэг “Өв залгамжлал хоёр янз байдаг. Эхнийх нь гэрээслэлээр өөрийн хөрөнгийг хүсэл зорилгодоо нийцүүлэн бусдад шилжүүлж буй хэлбэр.
Энэ нь тухайн хүн амьд сэрүүн байхдаа шийдвэрээ гаргасан гэсэн үг. Хоёр дахь нь амьддаа гэрээслэл бичиж чадаагүй бол хуульд зааснаар өв залгамжлал хийгдэх учиртай. Ийм тохиолдолд хуулийн дагуу тодорхой этгээдүүдэд өв залгамжлах эрхийг өгдөг. Харин гэрээслэл хүлээн авч байгаа хүнд өв залгамжилж буй хөрөнгийнх нь хэмжээнд хариуцлага ногддог.
Тухайлбал, гэрээслэл бичиж үлдээсэн хүн ямар нэгэн өр, зээлтэй байсан бол хариуцлага гэрээслэлтэй хамт ирдэг. Тиймээс гэрээслэлийг авахаас татгалзаж болно” гэж зөвлөснийг зориуд энд онцоллоо.
 Гэрээслэл бичиж үлдээсэн хүн ямар нэгэн өр, зээлтэй байсан бол хариуцлага гэрээслэлтэй хамт ирдэг. 
 
Сум дундын 14-р шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнгийн бичсэн тайлбараар бол “Өв залгамжлал хэмээх ойлголт иргэн нас барахтай холбоотой бөгөөд хэрэв нас бараагүй бол өв өвлөх тухай асуудал. тодруулж хэлбэл амьд сэрүүн байгаа хүнийг өвийг залгамжилна гэсэн ухагдахуун байж болохгүй юм.
Иргэн нас барсны дараа, түүний өв хөрөнгийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид зохих журмын дагуу хүлээн авна. Өв залгамжлал нь хууль ёсоор ба гэрээслэлээр гэсэн хоёр хэлбэртэй. Хүн нас барах нь гэнэтийн буюу зуурдын үйл явдал байдаг учраас эд хөрөнгөө гэрээслэн гэсэн бодол байсан боловч уг бодлоо илэрхийлэх буюу хууль зүйн хэлбэрт оруулж амжаагүй тохиолдол элбэг.
Хууль ёсоор өв залгамжлагчид нас барагчтай ясан ба цусан төрлийн язгуур үүсвэр, уг улбаатай хүмүүс байхын сацуу хуульд зааснаар дээрх хүмүүстэй адил түвшинд тооцож өв авах эрхтэй төрөл, садангийн биш хүмүүс ч байж болно. Тэдгээрийг төрөл удмын ойр хол, гэр бүл, ахуй амьдралын холбоо сүлбээг харгалзан Иргэний хуульд өв хүлээн авах ээлж дараалал тогтоосон байдаг.
Монгол Улсын Иргэний хуулийн 520-р зүйлд нас барагчийн эхнэр, нөхөр төрүүлсэн ба үрчилсэн буюу түүний нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн ба үрчилсэн эцэг эх нэгдүгээр ээлжинд нас барагчийн эд хөрөнгийг тэгш хуваан авна.
Нэгдүгээр ээлжинд өв залгамжлагчид байхгүй, эсвэл өв хүлээн авахаас татгалзсан буюу өв залгамжлах эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү хоёрдугаар ээлжинд өв залгамжлах эрхтэй.
Нэг, хоёрдугаар ээлжинд өв залгамжлагчид байхгүй, эсхүл тэд өв авахаас татгалзсан, өвлөх эрхээ алдсан бол өвлүүлэгчийн ач, зээ, ачаар, зээнцэр нь эцэг, эхдээ хуульд зааснаар өвлөгдвөл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг хуваан өвлөх бөгөөд үүнийг гуравдугаар ээлжинд өвлөгчид хэмээн ойлгож болно.
Хууль ёсоор өв залгамжлах эрх нь албан ёсны бичиг баримт болон бусад нөхцөл байдлаар нотлогдсон байх ёстой. Хууль ёсны ба гэрээслэлээр өв залгамжлал хоёр эрх зүйн харилцааны үндсэн шинж. чиг хандлага нь адил болохын сацуу дараах шинжүүдээр ялгаатай байна.
Хууль ёсны өв залгамжлалын харилцаа нь гэрлэх, хүүхэд төрөх зэрэг ураг удмын хэлхээ холбоо үүссэн үед бий болдог бол гэрээслэлээр өв залгамжлах эрхийн харилцаа нь гэрээслэгч гэрээслэл үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн нөхцөлд үүсдэг.
Гэрээслэгч гадны ямар нэг нөлөөлөлгүйгээр эд хөрөнгөө өөрийн үзэмжээр хэнд ч гэрээслэх, гэрээслэлээ өөрчлөх, цуцлах, гэрээсэлсэн эд хөрөнгийн зориулалтыг заах, эдгээр нөхцөлийг гэрээслэл биелүүлэгч болон бусад этгээд заавал хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг нь императив шинжийг агуулна.
Хууль ёсны өв залгамжлалаар өвлөгчид ямар нэг гэрээ хэлцэл, нөхцөл болзолгүйгээр хуулиар тогтоосон эрэмбэ дарааллын дагуу өвлөгдөх эд хөрөнгийг авдаг.
Хууль ёсны өв залгамжлагчид зөвхөн нас барагчийн гэр бүл, ураг төрлийн болон зарим тохиолдолд асрамжинд байсан хүмүүс багтана. Харин гэрээслэлээр өв залгамжлагчид дээрх хүмүүсээс гадна ураг төрлийн бус иргэн, түүнчлэн хуулийн этгээд, төр байж болно" аж. Алив тохиолдол бүхэн хуулийн хүрээнд шийдэгдэх нь гарцаагүй хэдий ч эдүгээ цагийн аясаар бий болсон хамтран амьдрагчдын тухайд асуудал байдаг л юм билээ.
Хууль ёсны өв залгамжлагчид зөвхөн нас барагчийн гэр бүл, ураг төрлийн болон зарим тохиолдолд асрамжинд байсан хүмүүс багтана. 
 
Өөрөөр хэлбэл, өмнөх эхнэрээсээ албан ёсоор салаагүй/ эхнэр нь салахаас татгалзсан/ тохиолдолд хамтран амьдрагчтайгаа шинэ амьдрал бий болгон орон сууц, хашаа байшин худалдаж авсан бол өмчлөх эрх хэнд үлдэх вэ.
Анхны гэр бүлээс өмссөн хувцастайгаа гарч дараагийн амьдрал зохиосны дараа бий болгосон өмчийг өмнөх эхнэрийн хүүхдүүдтэй хуваалцах эсэх тухайд Иргэний хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай иргэд ч байдаг.


Ийм тохиолдлын заргуудыг шүүх хуульд заасны дагуу шийдсэнээр хамгийн сүүлд хамт амьдарч, асарч тойлсон гэр бүл хохирдог гэх мэт араасаа асуулт дагуулсан заргуудад хариулт хэрэгтэй л юм билээ.Эцэст нь дүгнэж хэлэхэд, үхсэнийхээ дараа ясаа өндөлзүүлэхгүй байх хамгийн зөв гарч бол гэрээслэл үлдээх явдал бөлгөө.
Гэрээслэлээс цээрлэх биш хэрэгжүүлэх цаг нь болсон Гэрээслэлээс цээрлэх биш хэрэгжүүлэх цаг нь болсон Reviewed by Unknown on 4:59 PM Rating: 5

No comments

banner

banner