Монголоос алдагдсан палеонтологийн олдворууд эх орондоо эргэн ирэхээр боллоо
Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн шүүхийн байранд Монгол Улсаас хууль бусаар алдагдсан палеонтологийн олдворуудыг эргүүлэн өгөх ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Тус арга хэмжээний үеэр Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн шүүгч Роберт Л.Каперс, Дотоод аюулгүй байдлын мөрдөн байцаах газрын гүйцэтгэх захирал Петр Т.Эдж, Америкийн Нэгдсэн Улсын Цагаачлал, гаалийн хууль сахиулах газар, Гааль, хил хамгааллын газрын холбогдох албан хаагчид, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл, БСШУ-ы сайдын Монголоос гаралтай палеонтологийн олдвортой холбоотой асуудлаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Йелийн их сургуулийн доктор Анн Алтман, палеонтологич доктор М.Болорцэцэг зэрэг хүмүүс оролцсон юм.
Энэхүү ёслолын ажиллагааны үеэр АНУ-ын зүгээс “Монгол Улс нь дэлхийд томоохонд тооцогдох палеонтологийн арвин баялаг олдвортой орон бөгөөд цаашид маш олон судалгаа, нээлтийг хийх биз ээ. Хууль бус малтагчид, худалдаачдын гарт орсон эдгээр үнэт олдворуудыг Монгол Улсын иргэдэд эргүүлэн өгөхөөр ажилласандаа бид баяртай байна. Эдгээр олдворыг Монгол Улс эргүүлэн авч судалж шинжлэн, нандигнан хадгалах юм. Өнөөдрийн үйл явдал нь манай улсын Хууль зүйн яам, Дотоод аюулгүй байдлын мөрдөн байцаах газар, Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны үр дүн билээ. Мөн Гааль, хил хамгааллын газар эдгээр олдворуудыг эргүүлэн авахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.
Гурван жилийн өмнө Тарбозавр батаарыг Монгол Улсад эргүүлэн өгсөн нь манай хоёр улсын Засгийн газрын хууль бус палеонтологийн олдворын худалдаатай тэмцэх хүчтэй, өгөөжтэй харилцаа холбоог бий болгож өгсөн. Түүний дараа 23 олдворыг Монгол Улсад эргүүлэн өгсөн бол өнөөдөр Алиорамусын гавлын яс, Бактрозаврын араг яс, Протосератопсын зулзаганы араг яс, Троодонтидын өндөгний үүр, Пситозаврын араг яс болон гавлын яс, Хадрозаврын араг яс гэсэн ихэд үнэ цэнэтэй олдворуудыг Монгол Улсад эргүүлэн өгч байна. Манай хоёр орны Засгийн газрын хамтын ажиллагаа цаашид улам бүр бэхжин батжиж, шинэ шинэ боломж, түлхэцийг хамтын ажиллагаандаа бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна.” Хэмээн мэдэгджээ.
Эдгээр дахин давтагдашгүй олдворуудыг эх орондоо эргүүлэн авчрах бэлтгэл ажлыг палеонтологич М.Болорцэцэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны итгэмжлэлтэй Америкийн Нэгдсэн Улсад гүйцэтгэж байна. БСШУЯ-ны бодлогын хүрээнд Палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийн нэгжийнхэн ложистик болон Үлэг гүрвэлийн төв музейд хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Монголоос алдагдсан палеонтологийн олдворууд эх орондоо эргэн ирэхээр боллоо
Reviewed by Unknown
on
5:02 PM
Rating: 5
Сэтгэгдэл